Жил бүрийн 4-р сарыг АУТИЗМ өвчнийг олон нийтэд таниулах, эрт үед оношлоход анхаарах сар. Манай эмнэлгийн пейжийг дагадаг иргэд та бүхэндээ товч мэдээлэл хүргэе.
Autism spectrum disorder (ASD) буюу Аутизмын хүрээний эмгэг (АХЭ) гэдэг нь бусадтай харилцаж нийгмийн харилцаанд орох болоод тархинд ирэх мэдээллийг бүрэн хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг эмгэг юм. Хүүхдэд aутизмын шинж тэмдэг эрт илэрдэг ба ихэнт тохиолдолд хүүхдийг 18 сараас хоёр насны хооронд оношлодог.
АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) 44 хүүхэд тутмын нэг нь аутизмын эмгэгтэй байх боломжтой ба хөвгүүдэд охидоос дөрөв дахин илүү илэрч байна гэж мэдээлжээ.
Аутизм нь өргөн хүрээний эмгэг тул аутизмтай хүн бүр өөр өөр байдгаараа онцлогтой. Гэвч аль ч төрлийн аутизмтай хүнд “Хэл яриа ба харилцааны бэрхшээл” “Нийгмийн харилцааны бэрхшээл” “Туйлширмал ба баригдмал сэтгэлгээний бэрхшээл” эдгээр гурван бэрхшээл заавал байдаг.
Аутизмын үед илрэх шинжүүд: (6-12 сартайд)
Нүүрний хувиралгүй
Хүний нүд рүү хардаггүй
Нэг зүйл рүү удаан ширтдэг
Ээжийгээ хараад инээхгүй, шулганахгүй
Дуу чимээнд хариу өгөхгүй. Жишээ нь: нэрээр нь дуудахаар харахгүй, чимээ гарч байгаа зүг рүү харахгүй гэх мэт
Тэврүүлж биедээ хүргүүлэх дургүй
Хүүхдийн тоглоомыг сонирхохгүй
Гараа сунгах гэх мэт дохио зангаа ашиглахгүй
Аутизмын үед илрэх шинжүүд: (1-2нас)
“Тийм” “Үгүй” “Баяртай” “Сайн уу” гэх мэт энгийн дохио зангаа мэддэггүй
Сонирхож байгаа эсвэл авмаар байгаа зүйлсээ илэрхийлж чаддаггүй. 14-өөс 16 сартай ихэнх хүүхэд өөрт нь таалагдаж байгаа зүйлээ ээж аавдаа илэрхийлэх чадвартай болсон байдаг
16 сартайдаа нэг үетэй үг хэрэглэж чадахгүй 24 сартайдаа холбоо үг ашиглаж мэдэхгүй байх
Зөвхөн хөлийн хуруун дээрээ алхах эсвэл бүр огт алхахгүй байх
15-аас 24 сартайдаа үг яриа болон нийгэмтэй харилцах ур чадвараа алдаж эхэлдэг. Өмнө нь цөөн үг хэлдэг, бусад хүмүүсийг сонирхдог байсан бол тэгэхээ больж эхэлнэ
Хүмүүсийг зөвхөн өөрийн хүссэнээрээ байлгахыг хичээнэ.
Хэрэв таны хүүхдэд дээрх шинжүүд илэрсэн бол Сэтгэц судлалын эмчид хандаж үзлэг, оношилгоо хамрагдах хэрэгтэй.
Аутизмын үед гэр бүл, найз нөхдийн анхаарал халамж, тусламж тун хэрэгтэй байдаг ба нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход нь ойлгож туслаарай.