Зөнөх эмгэгийн хамгийн түгээмэл хэлбэр болох Алзхаймер нь 65-аас дээш насны хүмүүст зонхилон тохиолддог мэдрэлийн гаралтай өвчин юм. Алзхаймер өвчний шалтгаан бүрэн тодорхойлогдоогүй ч тархины амилойд бета уургийн үүсэлт ихэссэнтэй холбоотой мөн уг уургийн үүсэлтэд оролцдог PSEN1, PSEN2 генийн мутацитай холбон тайлбарладаг аж.
Тархалтын хувьд АНУ-д 65-аас дээш насны 6.5 сая хүн Алзхаймер өвчнөөр оношлогдсон ба тэдгээрийн 70%-аас илүү нь 75 болон түүнээс дээш насны хүмүүс юм. Харин дэлхий даяар 55 сая гаруй хүн Алзхаймер өвчнөөр оношлогдсон юм.
Уг өвчин нь мартамхай болох буюу тогтмол очдог газруудаа олох гэж төөрч будлих зэргээс эхэлдэг ба цаашид хүндэрсээр өдөр тутам гүйцэтгэдэг энгийн үйлдлүүдийг хүртэл яаж, хэрхэн хийхээ мартдаг байна. Алзхаймер өвчний шинжүүд:
Нэг асуултаа дахин дахин асуух
Товлосон уулзалт, ярьсан зүйл зэргээ мартах
Маш сайн мэддэг газрын байршлыг мартах
Цаашлаад дотны хүмүүсийн нэр, өдөр бүр ашигладаг зүйлсийн нэрийг мартах
Өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй буюу зөв үг, өгүүлбэрийн бүтцээр ярьж чадахаа болих
Харин хувь зан чанартай холбоотой дараах өөрчлөлтүүд гардаг.
Сэтгэл гутралд орох
Юу ч хийх сонирхолгүй болох
Сэтгэл санаа тогтворгүй болох
Аливаад сөргөөр хандах, уурлаж уцаарлах
Нойрны чанар буурах
Алзхаймер өвчин үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:
Нас нэмэх гэдэг нь Алзхаймер өвчний хамгийн том эрсдэлт хүчин зүйл. Сүүлийн үеийн судалгаагаар 65-74 насны 1000 хүний 4 нь, харин 75-84 насны 1000 хүн тутмын 32 нь, 85 болон түүнээс дээш насны 1000 хүний 76 нь Алзхаймер өвчнөөр оношлогдсон байна.
Дауны синдром. 21-р хромосомын гурвал эмгэгтэй хүмүүст Алзхаймер өвчний шалтгаан болсон бета амилойд уургийн үүсэлт илүү их байдаг байна.
Хүйс. Эрэгтэй хүмүүсээс илүү эмэгтэйчүүд илүү урт насалдагтай холбоотойгоор эмэгтэй хүмүүс өвчлөх хандлага өндөр юм.
Агаарын бохирдол. Агаар дахь хорт нэгдлүүд нь хүний төв мэдрэлийн системийг дарангуйлдаг тул Алзхаймер өвчин үүсэхэд нөлөөлж болох юм.
Архины хэтрүүлсэн хэрэглээ, хангалттай унтаж амрахгүй байх, таргалалт, артерийн даралт ихсэлт, хяналтгүй чихрийн шижин 2 хэлбэр зэрэг нь Алзхаймер өвчний тавиланг улам дордуулдаг аж.
Алзхаймер өвчнөөс урьдчилан сэргийлэх нь:
Зүрх судасны өвчтэй байх нь Алзхаймер эмгэгийн эрсдлийг нэмэгдүүлдэг тул зүрх судасны өвчнөөс сэргийлэх амьдралын зөв хэв маягтай байх нь тун чухал юм. Эдгээрт:
Тогтмол идэвхтэй дасгал хийх
Эрүүл хооллох буюу шинэ ногоо, ургамлын гаралтай өөх тос хэрэглэх
Хэрэв артерийн даралт ихэсдэг, чихрийн шижинтэй, цусан дахь холестролын хэмжээ өндөр бол сайтар хянах
Хэрэв тамхи татдаг бол тамхинаас гарах
Ном, сонин тогтмол уншиж, тоглоом тоглож, олон нийтийн арга хэмжээнд оролцох зэрэг тархийг тогтмол ажиллуулах нь чухал юм.
Хэрэв танд дээр дурдсан мартамхай болох, өдөр тутмын үйлдэл хийхэд төвөгтэй болсон, нойрны чанар буурсан, мөн сэтгэл зүйтэй холбоотой өөрчлөлт гарсан бол Мэдрэлийн эмчид хандаж оношилгоо, зөвлөгөөнд цаг алдалгүй хамрагдаарай.
Рехамед нэгдсэн эмнэлэг
Даваа- Баасан: 08:30-16:00
Бямба: 09:00-13:00
Ням-Амарна
Мэдээллийн ажилтан: 7575-0400
БЗД 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс эмнэлэг