Бид амьдралынхаа ⅓-ийг унтаж өнгөрүүлдэг. Ус, агаар мэт амин чухал хэрэгцээ болох нойрны тухай бид хангалттай мэддэг бил үү?
Хүн унтдаггүй байсан бол их зүйл бүтээх байсан гэж боддог, бичдэг хүн цөөнгүй. Гэвч нойрсох цаг хугацаа бидний өдрийн хамгийн чухал бөгөөд үр бүтээлтэй “үйл ажиллагаа” юм. Яагаад?
Энергийн хэмнэлт
Унтах үед бодисын солилцоо хамгийн доод түвшинд хүрч, шатаах илчлэгийн хэмжээ буурдаг. Ингэснээр өдөрт зарцуулах энергиэ нойрсох үедээ бид хэмнэх юм. Хүн хоногт 8 цаг унтах нь өдөрт зарцуулах энергийг 35%-иар хэмнэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Эсийн нөхөн сэргээлт
Хүн нойрсож байх үед эд эсэд нөхөн төлжилт хамгийн ихээр явагддаг. Үүнд:
-Булчингийн төлжилт
-Уургийн нийлэгжил
-Эдийн өсөлт
-Дааврын нийлэгжил зэрэг багтана.
Тархины үйл ажиллагаа
Тархины глимфатик #glymphatic (хэрэгцээгүй мэдээллийг цэвэрлэх) систем нь унтаж байх явцад идэвхижин төв мэдрэлийн системд өдрийн туршид хуримтлагдсан мэдээллийг ангилж, ялган хэрэгцээгүйг нь устгадаг.
Мөн судлаачдын тогтоосноор унтаж байх явцад богино хугацааны ой санамж нь урт хугацааны ой санамжинд шилждэг байна. Нойрсох нь тархины дараах үйл ажиллагаанд нөлөөлнө. Үүнд:
-Суралцах
-Ой санамж
-Асуудлыг шийдвэрлэх чадвар
-Бүтээлч сэтгэлгээ
-Шийдвэр гаргах чадвар
-Төвлөрөх чадвар
-Шүүн тунгаах чадвар
Биеийн жингийн тогтвортой байдал
Өлсөх мэдрэмж нэмэгдүүлдэг грелин #ghrelin даавар нь нойрсох үед дарангуйлагдаж, нойр дутуу үед цадах мэдрэмжийг үүсгэдэг лептин #leptin даавар дарангуйлагдаж, грелин дааврын хэмжээ нэмэгддэг байна.
Мөн архаг нойргүйдэлтэй хүмүүс нь таргалалт, бодисын солилцооны хамшинж, чихрийн шижин хэв шинж-2 өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй байдаг аж.
Дархлаа тогтолцоо
Биднийг нойрсох үед халдвар, үрэвслийн эсрэг тэмцэх үүрэгтэй уураг болох цитокины #cytocin нийлэгжил идэвхитэй байдаг бөгөөд энэ нь цаашлаад эсрэг бие, дархлааны эсүүдийг бий болгоно. Үүний дүнд эдгээр молекулууд нь бие физиологийг аливаа өвчнөөс хамгаалах юм. Иймд дархлаагаа дэмжихийн тулд сайн унтаж амрах нь зүйтэй.