Skip to content Skip to footer

Хүүхдийг хөхөөр хооллохын ач тус

Нярайн эхийн сүүг шингээдэг ашигт бактерийн тоо хөгжиж буй орнуудын нярайтай харьцуулахад цөөрсөөр байна.

Нярайн хоол боловсруулах зам /гэдэс /нь төрөхөөс өмнө “ариун” байдаг ч төрсөн цагаас #микробиом гэгддэг их наяд бичил биетний /бактери, мөөг гэх мэт/ гэр болж хөгждөг. Хөхөө амалсан хүүхдэд төрсөн мөчөөс эхэлж халдварт өвчний эсрэг дархлаа суух, гэдэсний зохистой харьцаатай микробиом хөгжих боломж илүү бүрддэг. Олон шалтгааны улмаас хөхөөр бойжих боломжгүй хүүхэд байдаг ч, угжаар өсгөхөөр шийдсэн ээжийн тоо олширсоор байгаа нь нууц биш. Хөхний сүүнд агуулагддаг сахар болох олигосахаридыг задалж, дархлааг сайжруулж, гэдэсний бичил орчны хөгжлийг дэмждэг Bifidobacterium infantis (эсвэл B. infantis) хэмээх зүйл нь нярай хүүхдийн гэдэсний бичил орчинд давамгайлдаг ажээ. Гэтэл сүүний сахар задлах чадвар хязгаарлагдмал Bifidobacterium breve нь аж үйлдвэржсэн орнуудын нялх хүүхдийн гэдсэнд түгээмэл байдаг гэнэ. Стэнфордын судлаачид Танзани улсын уугуул, анчин Хадза омогт төрсөн нялхсын баасыг жилийн турш цуглуулж Африк, Ази, Хойд болон Өмнөд Америк зэрэг дэлхийн бусад 17 улсын нялхасын гэдэсний бичил орчинтой харьцуулан судалжээ. Хадза омгийн нярайд илэрсэн бичил биетний зүйлийн 23.4% нь шинэ буюу урьд өмнө хүний гэдэсний микробиомын нэгдсэн геномд бүртгэгдээгүй буюу огт судлагдаагүй шинэ төрөл зүйл байжээ. Аж үйлдвэржсэн орнуудад кесар хагалгаа нэмэгдсэн, мөн антибиотикийн хэрэглээ, ариутгал халдваргүйжилт ихэссэн, хэт боловсруулсан ханасан өөх тос ихтэй, эслэг бага хооллолт, хиймэл чихрийн хэрэглээ өндөр зэрэг амьдралын хэв маягаас болж гэдэсний ашигтай бактериуд багасч байна гэж судлаачдын баг дүгнэжээ. Тэд эхийн сүү шингээгч генийг судалж байгаа бөгөөд уг ген нь хүнд удаан хугацааны дархлаа тогтооход хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ. Хөхний сүүний олигосахарид гэдэг сахар нь нялхсын гэдэсний ашигт бактерийн зохист харьцаа үүсгэх, ялангуяа эрүүл нярайн гэдэсний үндсэн бактери болох B. infantis -ийг хооллож үржүүлэх чухал үүрэгтэй.

Харшил, астма зэрэг аж үйлдвэржсэн улсуудад түгээмэл тохиолддог олон эмгэг нь микробиомын тэнцвэргүй байдлаас үүдэлтэй гэж судлаачид үзэж байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүний гэдэсний микробиомын өөрчлөлтийг каталогжуулах нь эмч нарт өвчний шалтгааныг оношлох, зовиур шинж тэмдгийг арилгахын тулд өвчтөний микробиомыг өөрчлөхөд тусалдаг. Нярай хүүхэд төрөх үед болон хөхний сүүгээр дамжин эхээсээ өвлөж авдаг бага хэмжээний B. infantis-ийн дархлааны системд үзүүлэх нөлөө нь гүйцэт судлагдаж амжаагүй байна.

Гэсэн хэдий ч Небраскагийн Их Сургуулийн судалгаагаар B. infantis-ийн дутагдал нь амьдралын эхэн үед системийн үрэвсэл, дархлааны зохицуулалтыг бууруулдаг болохыг харуулж байна. Зарим клиник судалгаанд хоол тэжээлийн дутагдал, тураалтай бага насны хүүхдийн гэдсэнд B. infantis-ийг дахин “нутагшуулахад” биеийн жин нэмэгддэг болохыг тогтоожээ.

Гэдэсний бичил биет нь биеийн эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг болж хөгжиж байна. Гэдэс бол хүний хоёрдах тархи гэж үзэх болсон. Өөрөөр хэлбэл бидний юу идэж байгаа, яаж амьдарч байгаа нь бидний эрүүл мэнд, ялангуяа гэдэсний микробиомд шууд нөлөөлж байдаг гэдгийг хүн бүр ойлгох ёстой. Үр хүүхдэдээ аль болох байгалийн гаралтай хүнсний бүтээгдхүүнээр гэртээ хоол хийж өгөх юу юунаас чухал болж байна. Өөрөөр хэлбэл бэлэн савласан, өнгө будаг, амттай /чихэртэй/ хоол хүнс арай бага өгөх хэрэгтэй юм. Дээр нь антибиотикийг үнэхээр зайлшгүй үед хэрэглэхийг зөвлөж байна. Антибиотик нь гэдэсний ашигтай бактерийг устгадаг ба дахин төлжихөд 6 сар хүртэл хугацаа ордог. Ашигтай бактери нь хүний дархлааны нэг хэсэг билээ.

Бидний гэдэсний микробиом хөгжин хувьсаж байгаа бөгөөд биологийн чухал бүрэлдэхүүн хэсэг байж болох зарим бактерийг алдаж байна гэдэг нь цаашид эрүүл мэндэд ямар үр дагавартай болохыг таашгүй.