Яаралтай мэс заслын тусламж үзүүлэх түгээмэл шалтгаан болдог МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ гэж юу вэ?
Үүний өмнө мухар олгойн талаар товч тайлбарлавал:
Мухар олгой нь хуруу хэлбэрийн уутанцар эрхтэн бөгөөд хэвлийн баруун доод хэсэгт, бүдүүн гэдэсний суурьтай холбоотой оршдог. Уг эрхтэн халдварын улмаас үрэвсэхийг мухар олгойн үрэвсэл гэнэ.
Мухар олгой үрэвслийн шалтгаанд:
Ихэвчлэн мухар олгойн хөндий өтгөн, чулуу, шимэгч болон эдийн ургалтаар бөглөрснөөр үрэвсдэг. Энэ үед мухар олгойнд орших хэвийн бичил биетүүд хяналтгүйгээр өсөж үржсэнээр богино хугацаанд олгой үрэвсэн хавагнаж, идээгээр дүүрч чинэрдэг байна.
Мухар олгойн шинж тэмдэг:
Хэвлийн баруун доод хэсгээр өвдөх — анх дунд хэсгээс эхэлж, дараа нь баруун доод тал руу шилждэг.
Дотор муухайрах, бөөлжих
Халуурах (37.5–38.5°C орчим)
Хоолны дуршил буурах
Өтгөн хатах эсвэл шингэн алдах
Хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгддэг
Оношилгоо:
Мэс заслын эмчийн үзлэг
Хэвлийн хэт авиан шинжилгээ
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ болон биохимийн шинжилгээ
Шаардлагатай тохиолдолд Компьютерт Томографи, MRI оношилгоо
Эмчилгээний тухайд:
Үрэвссэн олгойг зөвхөн эмээр эмчлэх нь дахилт өгөх эрсдэлтэй байдаг учир мухар олгой авах хагалгаа нь стандарт эмчилгээ болдог.
Мухар олгой авах мэс засал нь нээлттэй болон дурангийн гэсэн 2 төрлөөр хийгддэг. Дурангийн мэс засал нь нээлттэй мэс засалтай харьцуулахад хэвлийд цөөн тооны жижиг зүслэг хийх учир эдгэрэлт илүү хурдан, өвдөлт болон сорви бага байдаг давуу талтай. Гэвч мухар олгой задарч хүндэрсэн тохиолдолд нээлттэй мэс засал хийх шаардлагатай болдог.
Рехамед нэгдсэн эмнэлгийн Мэс заслын нэгдсэн тасаг нь мухар олгойн үрэвслийн оношилгоо, дурангийн болон нээлттэй мэс заслын цогц тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хэрэв танд дээрх зовуурь илэрсэн бол мэс заслын эмчид заавал хандаарай.
