Жил бүрийн энэ өдрийг “Гепатит вирустэй тэмцэх дэлхийн өдөр” /World Hepatitis Day/ болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
2010 оны тавдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар, жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, 2015 онд ДЭМБ гепатит вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилчид, олон нийтэд уриалжээ.
Гепатит вирус нь дэлхийд хамгийн их тархсан халдварт өвчний нэг болж, олон улс орны эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байгаа.
A, B, C, D, E гэх 5 төрлийн Вируст гепатит байдаг ба B, C төрлийн гепатит вирусын тохиолдлын тоо хамгийн өндөр буюу дэлхий дахинаа 2.2 сая тохиолдол шинээр оношлогдож, 1.3 сая гаруй хүн нас барч буй юм.
Иймд иргэн бүр энэхүү өвчний тухай тодорхой мэдээлэлтэй байх нь зүйтэй юм.
ГЕПАТИТ В ВИРУСИЙН ТУХАЙД:
Гепатит В вирус яаж халдварладаг вэ?
ДНХ агуулсан энэхүү вирус нь баталгаагүй цус цусан бүтээгдхүүн, бохир зүү тариур, халдвартай эхээс урагт, үрийн шингэн зэргээр дамжин халдварладаг.
Энэхүү вирусын биед өвчин үүсгэх механизм:
1. Гаднаас вирусийн халдвар хүний цусны урсгалд орно
2. Вирус нь элэгний эсийн бөөмд нэвтэрнэ
3. Элэгний эсийн ДНХ-тэй вирусын ДНХ угсрагдана./элэгний эс вирустэй холбогдоно/
4. Вирусийн эсрэг хүний дархлаа тогтолцоо идэвхижиж вирустэй холбогдсон элэгний эсийг хамтад нь устгана
5. Элэг болон бусад эрхтэн тогтолцоонд гэмтэл үүснэ.
Хүндэрвэл элэгний хатуурал, хавдар, элэгний дутагдал зэрэгт хүргэх аюултай
Гепатит В вирус яагаад аюултай вэ?
Гепатит В-ийн халдвар авсан ихэнх хүмүүс халдвар авснаа мэдэхгүй бусдад цусаар болон биеийн шингэнээр дамжуулан халдварлуулж байдаг. Ихэвчлэн далд хэлбэрээр явагддаг архаг үрэвсэл тул элгийг чимээгүй бөгөөд тасралтгүй гэмтээж байдаг.
Цочмог гепатитын үед илрэх шинж тэмдэгүүд:
Өвчний хөнгөн хэлбэр
Ядарч сульдах
1-2 долоо хоногийн турш шарлах
Цусан дахь билирубины хэмжээ хэт өндөр биш (85-100мкмоль/л)
АлАТ ферментийн идэвх дунд зэрэг нэмэгдэх
Цус хурах, тариа хийлгэсэн газарт хөхрөх
Өвчний хүнд хэлбэр
Бие тавгүй болох, ядарч сульдах, идэвхгүй болох
Хоолны дуршил буурах, дотор муухайрах, огиулах
Хоол идсэний дараа аюулхай орчимд, баруун сүвээн доогуур хүндрэх, цанхайх
Элэг, дэлүү хэмжээгээр томрох
Нойрмоглох
Шээс өтгөрөх
Арьс загатнах
Хамраас цус гарах, арьсанд цусархаг тууралт үүсэх
Ходоод гэдэснээс цус алдах г.м
Цусан дахь билирубины хэмжээ эрс нэмэгдэх
Ферментийн идэвх нэмэгдэх
Цус бүлэгнүүлэх бодисууд багасах
Гепатит В вирусийн “HBsAg” антиген нь цусны сийвэнд 6 сараас дээш хугацаанд эерэг байх тохиолдолд үүнийг В вируст архаг гепатит гэж үздэг. Энэ үед өвчин далд явцтай, зовиур багатай байна.
Архаг гепатитын үед илрэх шинж тэмдэгүүд:
Ядарч сульдах
Ходоод гэдэс хямрах
Үе үе шарлалт үүсэх
Элэг, дэлүү үргэлж том
Архаг гепатит В вирус нь гепатит Д вирустэй хавсарсан тохиолдолд өвчлөл давшингуйрч, элэгний цочмог дутагдал, хатуурал зэрэг үүсэх эрсдэлтэй юм.
Дээрх шинжүүд илэрсэн тохиолдолд та мэргэжлийн эмчид хандаарай!
Дараагийн нийтлэлээр Гепатит В Вирусийг хэрхэн оношлодог тухай хүргэх болно.