Эмэгтэйчүүд дунд хавдрын шалтгаант нас баралтын 4-р байрт “Умайн хүзүүний хавдар” ордог ба 2022 онд дэлхий даяар 660,000 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Умайн хүзүүний хавдрын гол шалтгаанд:
Бэлгийн замаар халдварлах Хүний Папиллома вирус (ХПВ)-ын архаг халдвараас шалтгаалан үүсдэг.
Охидыг ХПВ-ын эсрэг дархлаажуулалтад хамруулах, эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэгт хамруулж хавдрын урьдал эмгэгийг оношилж эмчилснээр уг хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн умайн хүзүүний хорт хавдрыг эрт үе шатандаа оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой юм.
Умайн хүзүүний хавдрын эрсдэлт хүчин зүйлс:
Бэлгийн хавьталд эрт орох, олон жирэмслэх, олон бэлгийн хавьтагчтай байх нь ХПВ-ын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж үздэг. ХПВ-ын халдварт өртсөн хүн бүрт хавдар үүсэхгүй. Учир нь ихэнх ХПВ-ын халдвар 2 жилийн хугацаанд биеэс өөрөө аяндаа цэвэрлэгдэх боломжтой. ХПВ-ын халдварын тодорхой хувь нь архаг хэлбэрт шилжиж, багахан хувь нь Умайн хүзүүний хавдрын урьдал эмгэг болон хавдар үүсгэнэ.
Хүний дархлааны байдал, дархлаа дарангуйлагдах, дархлалын олдмол хомсдол нь ХПВ-ын халдвар архагшиж, богино хугацаанд Умайн хүзүүний хорт хавдарт шилжихэд нөлөөлдөг байна.
Мөн бэлгийн замын халдвар (бэлгийн үү, хламид, заг хүйтэн)-тай хавсрах, хэт залуу 18 насандаа төрөх, тамхи татах, 5-аас дээш жил жирэмслэхээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэх нь эрсдэлт хүчин зүйлүүд болно.
Умайн хүзүүний хавдрын үед илрэх шинж тэмдгүүд:
Сарын тэмдэгтэй хамааралгүй үтрээнээс цус гарах
Сарын тэмдэг удаан хугацаагаар, их хэмжээтэй ирэх
Бэлгийн харьцаанд орсны дараа цус гарах
Ууц нуруугаар өвдөх
Үтрээгээр өнгөтэй, үнэртэй цайвар шингэн гарах
Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг:
30,33,36,39,42,45,48,51,54,57,60 настай эмэгтэйчүүдэд эсийн шинжилгээнд суурилсан илрүүлгийн улс орон даяар зохион байгуулдаг ба дээрх насны эмэгтэйчүүд хамрагдах боломжтой.
Мөн өөрт зовиур илэрсэн тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчид хандах болон умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.
Умайн хүзүүний хавдрын урьдчилан сэргийлэлт/ ВАКЦИНЖУУЛАЛТ:
ХӨСҮТ-ийн Сайн дурын вакцинжуулалтын кабинетад ХПВ-ын эсрэг вакцинжуулалтад бэлгийн хавьталд ороогүй охид, эмэгтэйчүүд хамрагдах боломжтой.