Эх сурвалж: Алтан Пейж
Гүүгл компани болон Харвардын эрдэмтэд анх удаа тархины 3 хэмжээст, цогц зураглал хийлээ. Таны харж буй гайхалтай “бүтээл”бол эпилепсийн уналт таталтын улмаас хагалгаанд орсон 45 настай эмэгтэйн нэг шоо миллиметр хэмжээтэй тархины гадаргын бүтцийн зураг юм.
Хааш хаашаа хурц харандааны үзүүр шиг хэмжээстэй уг сорьц нь 57,000 тархины эс (нейрон), ба нейрон хоорондын холбоос болох 150 сая синапсыг агуулсан, урьд өмнө хийгдэж байгаагүй цогц мэдээллийн сан болсон.
Нэг шоо мм дээжийг 34 нанометр зузаантайгаар 5000 зүсч, электрон микроскопийн тусламжтай зүслэг тус бүрийг зураг болгожээ. Нанометр гэдэг нь нэг метрийг тэрбум хуваахад үүсдэг хэмжээс гээд төсөөл дөө? Хүний үсний диаметр 80,000 гаруй нанометртэй дүйцдэг гэдэг.
5000 зүслэгийг хооронд нь эвлүүлэх ажлыг хиймэл оюун ухаанд суурилсан загварчлалаар хийж софт файлаа олон нийтэд нээлттэй болгох үүднээс онлайн байршуулжээ. Ингэснээр бусад судлаачдыг уг файл дээр ажиллах, эвлүүлэг хийх явцад алдаа гарсан эсэхийг нягтлахыг судалгааны баг уриалсан байна.
Зураглал гаргах явцад тархины эсийн бүтэц, холбоосын талаарх “хэвийн бус” сонирхолтой зарим нээлтийг судалгааны баг хийжээ. Нейрон хоорондын синапсууд цөөхөн байдаг бол 50 хүртэл холбоостой мэдрэлийн эсүүд байгааг тэд илрүүлсэн байна. Тэд мөн тархинд ямар үүрэгтэй нь тодорхойгүй, тольдсон мэт ижил бүтэцтэй хос нейронууд байгааг илрүүлжээ. Судалгааны баг нь уг сорьцод багтсан 50,000 гаруй нейроны зөвхөн цөөн хэдэн зууд нь нарийвчилсан анализ хийж амжсан гэжээ. Бусад судлаачдыг хамтарч ажиллахыг тэд хүсч байна.
Мөн цаашид өөр хүмүүсээс тархины дээж авч уг аргачлалаар зураглал гарган харьцуулалт хийхийг зорьж байна гэж судалгааны баг мэдэгдсэн байна.
Хүний тархины бүтэн зураглал гаргаж дуустал хэдэн арван жил шаардагдах төлөвтэй байгаа гэнэ.
Ууураг тархины бүтэц, үйл ажиллагааны талаар цогц ойлголттой болбол сэтгэцийн эмгэг, зөнөгрөл зэрэг тархины зарим эмгэгийн эмчилгээнд ахиц гарах ач холбогдолтай билээ.
Эх сурвалж: doi: https://doi.org/10.1038/d41586-024-01387-9