Эх сурвалж: Алтан Пейж
Шар хулуу (pumpkin) нь
Тос, холестрин агуулдаггүй, илчлэг маш бага ногоонд ордог. Эрдэс, аминдэм, байгалийн гаралтай нүүрс усаар баялаг шингэц сайн ногоо юм.
А аминдэмийн эх үүсвэр болох антиоксидант бета-каротин ихээр агуулдаг тул өсөлт, эсийн хуваагдал, нүд, арьсны эрүүл мэндийг хамгаалж, зарим төрлийн архаг өвчнөөс сэргийлнэ. Аяга нухсан хулуунаас өдрийн хэрэгцээт А аминдэмийн 90 орчим хувийг авах боломжтой. Бета-каротин нь шар хулуунаас гадна лууван, чацаргана, чихэрлэг төмс зэрэг шар, улбар шар өнгөтэй жимс, ногоонд ихээр агуулагддаг.
Хулууг зутан шөл, амттан, хоолны хачир болгон хэрэглэдэг. Намрын ургацын үеэр өнгө өнгийн, төрөл бүрийн хэлбэртэй хулуу худалдаанд гардаг. Хадгалалт даадаг, үнэ боломжын тул хоол хүнсэндээ шар хулуу, мөн үрийг нь хэрэглэж сурах нь олон талын ач холбогдолтой. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэл авцгаая.
Хулууны тэжээллэг чанар:
Нэг аяга 250 гр нухсан, түүхий хулуу:
Калори: 50 ккал
Нүүрс ус: 12 гр
Үүнээс эслэг: 3 гр
Уураг: 2 гр
Кали: 560 мг /өдрийн хэрэгцээний 12%/
Кальци: 64 мг
Магни: 54 мг
Төмөр: 3 мг
А аминдэм: 706 микрограм /ӨХ-ний 90%/
Дархлаа
Хулуунд агуулагдах бета-каротин (витамин А) нь дархлааг сайжруулахад чухал үүрэгтэй. А аминдэм С, Е зэрэг аминдэмийн хамт гэдэсний салст бүрхэвчийг хамгаалдаг бөгөөд энэ нь нян, мөөгөнцөрийн халдвараас сэргийлдэг. Эслэгээр баялаг тул ашигтай бактерийг хооллож, гэдэсний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, дархлааны системийг дэмждэг болохыг судалгаа тогтоосон байдаг.
Нүдний эрүүл мэнд
Шар хулуунд агуулагддаг бета-каротин нь насжилттай холбоотой шар толбоны сөнөрөл буюу харааны асуудлаас (macular degeneration) хамгаалахад тусалдаг.
Зүрхний эрүүл мэнд
Хулуунд агуулагдах кали, кальци, магни зэрэг эрдэс нь цусны даралтыг зохицуулж, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Хулуунд агуулагдах эрдэс, эслэг болон бусад антиоксидантууд нь зүрхний эмгэг, зүрхний дутагдал, цус харвалт болон бусад өвчний эрсдлийг бууруулахад нөлөөлнө.
Хоол боловсруулах эрхтний эрүүл мэнд
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хэвийн байлгаж, гэдэс дотор амьдардаг ашигтай нянгийн тэнцвэрийг хадгалахын тулд эслэг шаардлагатай байдаг. Хулуун агуулагдах байгалийн нүүрс ус болох полисахарид, болон эслэг нь гэдэсний эрүүл бактерийг дэмжих үйлчилгээтэй.
Бодисын солилцоо
Хүний биеийн хэвийн үйл ажиллагаа, бодисын солилцоонд энерги хэрэгтэй бөгөөд боловсруулсан бус, байгалийн гаралтай нүүрс ус нь гол эрчим хүч болдог. Хэдийгээр нүүр ус агуулсан ч, эрдэс, аминдэм, эслэг, антиоксидантын агууламж нь чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой хүнсний ногоонд ордог. Хулууны эслэг, усны өндөр агууламж нь цатгалан байлгадаг тул жингээ барих хүсэлтэй хүмүүс идвэл тохиромжтой.
Арьсны эрүүл мэнд
C, E, A амин дэм арьсны ерөнхий эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Тодруулбал, А аминдэм нь арьсыг нарны туяанаас хамгаалахад тусалдаг бөгөөд арьсны бүтцийг сайжруулдаг.
Хорт хавдрын эрсдлийг бууруулна
Хулуунд агуулагддаг антиоксидантууд нь эрүүл эсийг гэмтээж, мутацид оруулдаг хор хөнөөлтэй чөлөөт радикалуудыг (free radicals, тогтворгүй молекулууд) саармагжуулж, зарим төрлийн хорт хавдраас хамгаалахад тусалдаг.
Зарим судалгаагаар бета-каротин зэрэг антиоксидантыг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс ходоод, хөх, нойр булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэл багатайг харуулж байна.
Анхаарах зүйлс
Хулуу нь эрүүл насанд хүрсэн ихэнх хүмүүст аюулгүй байдаг. Хэрэв та хулууг анх удаа идэж байгаа бол дараах хэдэн зөвлөмжийг анхаараарай.
Харшлын урвал: Хулуу тариалах үед, болон хальслах үед гарны арьс эмзэгшин, улайж хорсох боломжтой тул аль бээлий өмсөх, эсвэл гараа дараа нь угаасны дараа хүүхдэдээ хүрэхийг зөвлөдөг.
Ховор тохиолдолд идсэний дараа харшлын зарим урвал болох ходоод гэдэсний шинж тэмдэг эсвэл арьсны тууралт гарч болзошгүй. Хүүхдэд ч харшлын урвал
ховор тохиолддог.
Аливаа түүхий хоол хүнс нь өвчин үүсгэдэг бактери, вирус болон бусад эмгэг төрөгчийг дамжуулдаг тул болгоогүй түүхий хулуунаас зайлсхийгээрэй.
Хулууг хоолны дэглэмдээ оруулах хамгийн эрүүл арга юу вэ?
Хулууг хоолны дэглэмд оруулах энгийн аргууд байдаг. Чанах, жигнэх, шарах зэргээр бэлтгэж зутан шөл, талх, жигнэмэг, болон салат байдлаар идэж болно.