Эх сурвалж: Алтан Пейж
Уургийн бэлдмэл, бэлэн шейк уудаг хүн нилээд таарах юм. Уураг бол нэгэн төрлийн трэнд бололтой. Бидний ихэнх нь өдөр бүр мах, өндөг зэргийг идэхгүй бол уураг дутагдана гэж ойлгодог. Өдөрт 2 удаа махан хоол иддэг айл олон бий. Үнэндээ мах, загас, өндөг, цагаан идээ нь УУРАГ биш ХҮНС юм. Мөн эдгээр хүнсэнд агуулагдах уураг нь бидний биед хэрэгцээт уургийг шууд орлодоггүй. Товчхондоо бидний бие уурагаа өөрөө “үйлдвэрлэдэг”. Бид хоол хүнснээс уураг биш, уургийн “түүхий эд” болох олон төрлийн амин хүчлийг шингээж авдаг. Амин хүчлүүд нь амьтны болон байгалийн гаралтай хоолыг боловсруулж, задлах замаар үүсдэг.
Амин хүчлүүд нь азот агуулдаг. Хэрэв та хүнсний ногоо, мод, ургамал тарьдаг бол азот нь ургамлын бордооны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг мэддэг, учир нь ургамал амин хүчлийг бий болгохын тулд азотыг ашигладаг. Амьтад бас ургамал идэж, амин хүчлээ олж авдаг.
Хүн болон амьтад зарим төрлийн амин хүчлийг нийлэгжүүлдэг. Хоол хүнсээр гаднаас авсан болон “дотооддоо” үйлдвэрлэсэн амин хүчлүүдээс биед хэрэгтэй уургийг ДНХ-ийн зааврын дагуу эсийн дотор угсарна.
Үхэр, адуу, горилла, заан гэх мэт зөвхөн ургамал иддэг мөртөө яагаад хүчтэй, булчинлаг байдаг талаар бодож үзээрэй? Тэд булчингаа барихад шаардлагатай бүх амин хүчлийг идэж буй ургамлаас л авдаг.
Уургийг бүтээхэд ашигладаг 20 төрлийн амин хүчлээс бидний бие 11-ийг нь шаардлагатай үед, хангалттай хэмжээгээр “дотооддоо” үйлдвэрлэдэг.
Үлдсэн 9 нь “үл орлогдох” амин хүчлүүд гэж нэрлэдэг бөгөөд бид зөвхөн хоол хүнсээр дамжуулж авах боломжтой. Мах, загас, өндөг, цагаан идээ нь үл орлогдох 9 амин хүчлийг нэгэн зэрэг хангадаг тул “төгс” уургийн эх үүсвэр гэгддэг.
Үл орлогдох 9 амин хүчлийг авах боломжтой ургамлын гаралтай хоол хүнснээс дүпү, кинва #quinoa гурвалжин будаа, чиа үр, ангайхай самар зэргийг нэрлэж болно. Хэрэв дан ганц эх үүсвэрээс авах боломжгүй бол хольж идэх боломж бий.
Ер нь уураглаг хоол идэх нь эрүүл мэндэд тустай, эсвэл булчин хөгжүүлэхэд хэрэгтэй гэсэн буруу ойлголт байдаг. Бидний ДНХ /генетикийн заавар/ нь ямар уураг, хэр их хэмжээгээр “үйлдвэрлэхийг”шийддэг. Хэрэв та дасгал хийхгүй бол ДНХ таны эсэд “булчингийн уураг үүсгэ гэсэн” үр ашиггүй “заавар” өгөхгүй.
Хүний бие бол ухаалаг систем тул илүүдэл амин хүчлүүдийг нүүрс ус /сахар/, өөх тос болгон хувиргаж бас чадна. Тийм ч учраас уураг ихтэй хоолны дэглэм нь таныг туранхай болгох эсвэл цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулахад төдийлэн туслахгүй.
Хэрэгцээт амин хүчлүүдээ авахад өдөрт ХЭР ИХ УУРАГ хэрэгтэй вэ?
Биеийн нийт жингээс өөхний массыг хасаад, килограмм тутамд 0.8 грамм уураг тооцож өдрийн хэрэгцээт уургийг тооцдог. Үнэндээ тийм ч их биш юм.
Тухайлбал 65 кг жинтэй эмэгтэйн өөхний хэмжээ 20кг бол 36 грамм уураг өдөрт авах нь. 65 кг жин – 20кг өөх=45кг жинд тооцсон.
Насанд хүрсэн эмэгтэй өдөрт 45 грамм, эрэгтэй 55 грамм уураг өдөрт хоол хүнсээр авах ёстой гэж зөвлөдөг.
100 гр үхрийн булчингийн мах болон тахианы цээж маханд тус, тус 25 гр орчим уураг агуулагддаг. Нэг өндөг 6 гр уурагтай.
100 грамм улаан шош буюу сэвэг зарам 22 гр, 100 гр гурвалжин будаан 13 гр, 100 гр дүпү #tofu 8 гр уураг тус тус агуулдаг.
Монголчууд бидний махны хэрэглээ өндөр тул уургийн дутагдал бус, илүүдэл нь эрүүл мэндэд нөлөөлдөг. Тиймээс та ургамлын гаралтай хоол хүнснээс зохих уургаа хялбархан авах боломжтой гэдгийг санаарай. Уургаар хангахаас гадна бидний гэдэсний ашигт бактерийн гол тэжээл болох эслэг #fiber давхар авах давуу талтай.
Эцэст нь, уураг эрүүл мэндэд сайн гэж туйлширч янз бүрийн сүлжээгээр бэлэн савласан уураг уухаас зайлсхийгээрэй.
Түргэн хоол биш, шим тэжээлтэй ЖИНХЭНЭ хоолоор эрүүл мэндээ тэтгээрэй.